Skip to main content

ЛЕКЦ-2. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН УХААНЫ СУДЛАХ ЗҮЙЛ, ЗАРЧИМ, ҮҮРЭГ

·         Сэтгэл судлалын тухай ойлголт
·         Сэтгэл судлалын ухааны судлах зүйл
·         Сэтгэл судлалын ухааны зарчим
·         Сэтгэл судлалын ухааны үүрэг
Сэтгэл судлал нь psyche буюу сэтгэл санаа, logos буюу сургаал, номлол гэх Грек үгийн хамсаа бөгөөд бие даасан шинжлэх ухааны төвшинд хүрч хөгжсөн нь Германы эрдэмтэн Вилхэлм Вундт (1832-1920 он)-ийн нэртэй салшгүй холбоотой тухай өмнөх лекцид дурдсан билээ.
Тэгвэл сэтгэл судлал гэж юуг хэлэх вэ?
Хэдийгээр судлаачид харилцан адилгүй тодорхойлолт өгдөг ч нийтлэг шинж дээр нь тулгуурлан дараах байдлаар үзэж болох байна. Сэтгэл судлал гэдэг нь хүн, амьтны сэтгэц, сэтгэцийн үйл ажиллагааны үүсэл, хөгжил, ерөнхий зүй тогтолыг судлах ухаан болно. Сэтгэл судлал нь бүтцийн хувьд ерөнхий сэтгэл судлал, хавсарга сэтгэл судлал, үйлдлэгт сэтгэл судлал гэх гурван хэсгээс тогтоно. Бид энэ удаагийн лекцийн хүрээнд ерөнхий сэтгэл судлалын асуудал, өөрөөр хэлбэл, сэтгэл судлалын тухай ойлголт, судлах зүйл, обьект, зарчим, үүрэг, аргын талаар авч үзэх болно.
Юуны түрүүнд, сэтгэл судлалын шинжлэх ухаан нь гүн ухаан, социологи, физиологи, түүх, байгалийн ухаан, сурган хүмүүжүүлэх ухааны уулзвар заагт үүссэн харьцангуй залуу шинжлэх ухааны мэдлэг болно. Үүний зэрэгцээ, хүний дотоод ертөнцийн тухай нарийн, төвөгтэй мэдээллийн нийлбэр цогц юм.  Сэтгэл судлалын шинжлэх ухаан юуг, хэрхэн, яагаад гэсэн гурван асуултад хариулт эрэлхийлдэг. Сэтгэцийн бодит баримтыг шинжлэн судлах сэтгэл судлалын зорилт нь юуг гэсэн асуултад хариулт эрэлхийлнэ. Сэтгэцийн үйл ажиллагааны механизмыг судлах сэтгэл судлалын зорилт нь хэрхэн гэсэн асуултад хариулт эрэлхийлнэ. Эцэст нь, сэтгэцийн үйл ажиллагааны түгээмэл харилцаа, зүй тогтолыг нээн илэрүүлэх нь яагаад гэх асуултад хариулт эрэлхийлнэ. Товчоор хэлэхэд сэтгэл судлал нь сэтгэцийн үйл ажиллагааны баримт, механизм, түгээмэл харилцаа, зүй тогтолыг судлах ухаан юм.
Шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд сэтгэл судлалын судлагдахуун нь хүн, амьтны сэтгэцийн үйл ажиллагаа, тэр дундаа сэтгэцийн үйл явц, сэтгэцийн шинж, сэтгэцийн байдал, сэтгэцийн бүрдэл болно.
Хүнд хүрээлэн буй бодит байдлын нөлөөллийг анхлан тусгах, ухамсарлах боломжийг хангаж буй сэтгэцийн үзэгдлийг сэтгэцийн үйл явц гэнэ. Сэтгэцийн үйл явцыг дотор нь хоёр ангилна. Үүнд:
·         Танин мэдэхүйн үйл явц: Сэрэл, хүртэхүй, ой тогтоолт, анхаарал, сэтгэхүй, зохион бодохуй, хэл яриа багтана. Аливаа хүн гадаад, дотоод ертөнцийн юм, үзэгдлийг анхлан тусган авч, түүний угт чанарыг танин мэдэх үйл явцыг танин мэдэхүйн үйл явц гэнэ. Танин мэдэгдэж буй юм, үзэгдлийн саланги, тусгаар шинжийг тусгадаг сэтгэхүйн үйл явцыг сэрэл гэнэ. Харин сэрлийн үр дүнд олж авсан юм, үзэгдлийн талаарх саланги, тусгаар шинжийг нэгтгэн дүгнэх үйл явц нь хүртэхүй юм. 
·         Сэтгэлийн хөдөлгөөн ба зориг.
Эдгээрийг дараагийн лекцийн хүрээнд дэлгэрүүлэн авч үзнэ.
Бие хүнд тогтвортой, байнга илрэх онцлог бөгөөд зан үйл, үйл ажиллагааны тодорхой төвшинг тодорхойлдог үйл явцыг сэтгэцийн шинж гэж нэрлэдэг. Чиг хандлага, темперамент, зан төлөв, авьяас билиг нь сэтгэцийн шинжид багтдаг байна.
Тухайлсан цаг мөчид илрэн гарах хүний ажиллах чадвар, сэтгэцийн үйлийн төвшинг сэтгэцийн байдал гэж нэрлэнэ. Урам зориг, бухимдал, бачимдал, айдас, түгшүүр зэрэг нь сэтгэцийн байдалд багтана.
Амьдралын болон ажил мэргэжлийн туршлага эзэмших явцад хүн төлөвшин тогтдог мэдлэг, чадвар, дадлын онцгой нийцэл болох сэтгэцийн үзэгдлийн сэтгэцийн бүрдэл гэж нэрлэдэг байна. Ерөнхийд нь дүгнэн хэлэхэд дээрх дөрвөн зүйл нь сэтгэл судлалын ухааны судлагдахуун болдог байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь дараах нийтлэг зарчимд тулгуурлана. Үүнд:
·         Учир шалтгааны зарчим: Байгаль, дэлхийд оршин буй бүхэн тодорхой хууль, зүй тогтолд захирагдана.
·         Ухамсар, үйл ажиллагааны нэгдлийн зарчим: Хэдийгээр харилцан адилгүй үйл явц боловч ухамсар, үйл ажиллагаа тасралтгүй нэгдэлд оршино.
·         Хөгжлийн зарчим: Үйл ажиллагааны үр дүн, үйл явц болохын хувьд тасралтгүй үргэлжлэх хөгжил гэж үзвэл сэтгэцийг маргаангүй танин мэдэх бололцоотой.
·         Сэтгэцийн үзэгдлийг тогтолцоот шинж чанараар судлах зарчим.
·         Сэтгэцийн үзэгдлийн харьцангуй бие даасан байдлын зарчим.
·         Сэтгэцийн идэвхтэй байдлын зарчим зэрэг болно.
Үүнээс гадна, сэтгэл судлалын шинжлэх ухаан нь бие даасан мэдлэгийн төрөл болохын хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Эдгээрт:
·         Хүрээлэн буй бодит юм, үзэгдлийн нөлөөллийг тусгах чиг үүрэгтэй:
·         Бие организмын бүхэллэг шинж чанарыг хадгалах чиг үүрэгтэй:
·         Хүрээлэн буй бодит байдлыг ухамсарлах чиг үүрэгтэй:
·         Хүний зан үйлийг зохицуулах чиг үүрэгтэй болно (В. П. Ступницкий, О. И. Щербакова, В. Е. Степанов, 2013, хуудсд. 7-13).

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

А. Реан, Н. Бордовская, С. Розум. (2003). Психология и педагогика: Учебное пособие. Под ред: А. А. Реана, Санкт-Петербург: Питер .
В. П. Ступницкий, О. И. Щербакова, В. Е. Степанов. (2013). Психология: Учебник. Москва : Издательско-торговая корпорация «Дашков и К°».
Гурван-эрдэнэ багшийн дээд сургууль, Боловсролын судалгаа, аргазүйн тэнхим. (2016). Сэтгэл судлалын үндэс: Сурах бичиг . Редактор: Доктор (Ph.D) Г. Буянтогтох, Улаанбаатар хот : "Арвайбархан" ХХК.
МУБИС-ийн Сэтгэл Судлалын тэнхим. (2012). Сэтгэл судлал: Сурах бичиг . Улаанбаатар хот.
Мягмар, О. (2010). Сэтгэл судлал: I, II дэвтэр . Улаанбаатар хот.


Comments

Popular posts from this blog

ЛЕКЦ №1. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

·          Эрт үеийн сэтгэл судлалын мэдлэг ·          Дундад үеийн сэтгэл судлалын мэдлэг ·          Шинэ үеийн сэтгэл судлалын мэдлэг ·          Сэтгэл судлал шинжлэх ухааны төвшинд хөгжиж, олон салбар ухаанд хуваагдах болсон үе Сэтгэл судлалын ухаан хамгийн эртний боловч шинэ тутам хөгжиж буй шинжлэх ухааны мэдлэг билээ. Энэ утгаар нь Германы эрдэмтэн Герман Эббингауз “ сэтгэл судлал өнө эртний улбаатай боловч ахархан түүхтэй мэдлэг мөн ” (Boring, 1929, p. 385) гэжээ. Сэтгэл судлалын мэдлэг одоогоос 2400 орчим жилийн өмнө эртний Грек-Римд үүссэн боловч шинжлэх ухааны төвшинд системчлэгдсэн нь харьцангуй хожуу буюу XIX зууны сүүл үетэй холбогдоно. Сэтгэл судлал буюу psychology хэмээх үгийн гарал үүсэлтэй холбоотой нэгэн домог байх бөгөөд psyche буюу сэтгэл санаа, logos буюу сургаал, номлол гэх үгсийн хамсаа болно (...