Skip to main content

ЛЕКЦ №1. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

·         Эрт үеийн сэтгэл судлалын мэдлэг
·         Дундад үеийн сэтгэл судлалын мэдлэг
·         Шинэ үеийн сэтгэл судлалын мэдлэг
·         Сэтгэл судлал шинжлэх ухааны төвшинд хөгжиж, олон салбар ухаанд хуваагдах болсон үе
Сэтгэл судлалын ухаан хамгийн эртний боловч шинэ тутам хөгжиж буй шинжлэх ухааны мэдлэг билээ. Энэ утгаар нь Германы эрдэмтэн Герман Эббингауз “сэтгэл судлал өнө эртний улбаатай боловч ахархан түүхтэй мэдлэг мөн(Boring, 1929, p. 385) гэжээ. Сэтгэл судлалын мэдлэг одоогоос 2400 орчим жилийн өмнө эртний Грек-Римд үүссэн боловч шинжлэх ухааны төвшинд системчлэгдсэн нь харьцангуй хожуу буюу XIX зууны сүүл үетэй холбогдоно. Сэтгэл судлал буюу psychology хэмээх үгийн гарал үүсэлтэй холбоотой нэгэн домог байх бөгөөд psyche буюу сэтгэл санаа, logos буюу сургаал, номлол гэх үгсийн хамсаа болно (Гурван-эрдэнэ багшийн дээд сургууль, Боловсролын судалгаа, аргазүйн тэнхим, 2016, хууд. 5). Эрт дээр үед үзэсгэлэн төгөлдөр гурван охинтой нэгэн хаан, хатан хоёр амьдран суудаг байжээ. Хааны их охид амжилттай эрд гарсан боловч бага охин Психей эрд гарч чадсангүй. Хүн бүр түүнтэй дэр нэгтгэхийг хүсэх ч төсөөлөшгүй гоо сайхан бие, царай зүсэнд нь сэтгэл гундаж халгаж ойртдоггүй байжээ. Тэд охин тэнгэр Афродиттай тэнцэхүйц гоо үзэсгэлсэнтэй хэмээн шагшин магтах тул Афродита охин тэнгэр Психейг нунжлан зовоохыг хүсэх аж. Психейн эцэг Милет газрын зөнчөөс охиныхоо хувь заяаны талаар асуухад зөнч Афродита охин тэнгэрийн заавраар “таны охин бурханд үл тоогдмуй. Хүнд өгөхөд хайран. Иймд бурхан, хүн хоёрын дундах төрөл аглаг ууланд амьдрах мангаст богтолбоос болох” гэсэн үг дайлгажээ.  Хүү Эротоо аглаг ууланд амьдрах үзэшгүй муухай амьтан болгон хувиргаж Психейтэй суулгасан боловч Психей чин халуун сэтгэлээр Эротыг хайрлаж усанд үйж үхнэ. Эндээс хүний үнэнч сэтгэл гэгч хичнээн агуу зүйл болохыг харж болно. Харин үнэнч сэтгэлт, үзэсгэлэн төгөлдөр Психейн нэрийг мөнхөлж хүн, амьтны сэтгэц, сэтгэцийн үйл ажиллагааны ерөнхий зүй тогтолыг судлах мэдлэгийн төрлийг сэтгэл судлал буюу psychology хэмээн нэрлэжээ. Үзэсгэлэн төгөлдөр Психей, Эрот нарын янаг дурлалын талаар Ромын гүн ухаантан, үргэлжилсэн үгийн зохиолч Апулей (НТ 124 онд Мадавр балгаснаа мэндэлж, 170 онд хойд Африкийн Карфагенид бие барсан) Алтан илжиг(Asinus aireus) нэрт бүтээлдээ яруу сайхан өгүүлэмж оруулсан байдаг.
Сэтгэцийн тухай шинжлэх ухааны мэдлэгийг Ариун Ромын эзэнт улсын цольд эрдэмтэн Рудольф Гоклэниус (1547-1628 он) 1590 онд сэтгэл судлал буюу psychology гэж нэрлэсэн бол түүний шавь Отто Касман (1562-1607 он) шинжлэх ухааны утгаар ашигласан байна. Харин сэтгэл судлалын ном зохиолд М. В. Ломносовын багш, Германы эрдэмтэн Христиан фон Вольф (1679-1754 он) 1732 онд бичсэн “Нийгмийн сэтгэл судлал”, 1734 онд гаргасан “Эмпирик сэтгэл судлал” зохиолдоо анх хэрэглэсэн  (Гурван-эрдэнэ багшийн дээд сургууль, Боловсролын судалгаа, аргазүйн тэнхим, 2016, хууд. 5; А. Реан, Н. Бордовская, С. Розум, 2003, хуудсд. 13-16; МУБИС-ийн Сэтгэл Судлалын тэнхим, 2012, хуудсд. 7, 8; Мягмар, 2010, хуудсд. 5-12) гэж үздэг. Өөр нэг санаа байдаг нь Германы гүн ухаантан, бурхан судлаач, Хэйдэлбэргийн их сургуулийн Грек хэл, утга зохиолын профессор Лютер Филипп Меланхтон (1497-1560 он) psychology хэмээх үгийг 1546 онд анх хэрэглэсэн гэдэгт оршино. Лекцийн хүрээнд аль нэг судлаачийн байр сууринд хэлтгийлж орохыг бодсонгүй. Эрхэм оюутнууд үнэн, зөвийг ялган үзэх болов уу. Ташрамд дурдахад Германы эрдэмтэн Готфрид Вилхэлм Лейбниц (1646-1716 он) сэтгэл судлалыг “пневматологи” гэх ойлголтоор илэрхийлэх горимын санал дэвшүүлсэн байдаг.
Эрт үеийн сэтгэл судлалын мэдлэг
Сэтгэл судлалын мэдлэг анхлан эртний Грек-Римд бий болсон түүхтэй.
Хэдийгээр эртний Грек-Римд сэтгэл судлалын мэдлэг бий болсон ч эртний Египетэд анхны үүсвэр бүрэлдэж байсан баримт байдаг. Тухайлбал, сэтгэл санаа буюу ка бие махбодь үхсэний сүүлээр доод ертөнцөд шилжиж, Осирис бурханд шүүлгэх цагаа хүлээнэ. Хэрэв амьдралдаа 42 төрлийн нүгэл, хилэнцээс ангид байж чадсан бол Осирис эзэн хүний ертөнцөд эргэн ирэхийг соёрхоно. Сэтгэл санаа эргэн ирсэнээр хүн дахин амилж болно гэж үздэг. Тийм ч учраас “небтауи” буюу эзэн хаадыг (Эртний Египетэд эзэн хааныг фараон гэж нэрлэдэг байсан мэт ташаа хандлага байх бөгөөд угтаа бол небтауи гэдэг байжээ. Бас несу-бити ч гэнэ) эргэн иртэл бие цогцосыг хиргүй, тунгалаг байлгах пирамидыг цогцлоодог уламжлал тогтжээ. Египетчүүдийн үзсэнээр, хүнд ка, ба, ах, шуит, рэн гэх таван төрлийн сэтгэл байдаг аж.
Сэтгэл судлалын мэдлэгийг анхлан хөндсөн эрдэмтэн бол эртний Грекийн уран үгийн чуулбар “Илиада”, “Одиссей” найраглалыг туурвигч, НТӨ VIII зууны үед амьдарч асан гэгдэх Хомэр болно. Тэрээр сэтгэл санаа гэгч бие махбодийг хуулбарлах үйл явц, түүний тусгал болно гэжээ. Гэтэл долоон мэргэдийн нэг, гэнэн материалист гүн ухаантан Милет газрын Фалэс (НТӨ 640-549 он) ус хэмээгч амьдрал, сэтгэл санааг үүтгэгч болно гэсэн санааг гаргажээ. “Omnia fluunt, omnia mutantur (Нэг голын усанд хоёр дахь удаагаа ордоггүй) гэх хэлцийг гаргасан Эфес газрын Хэраклит (НТӨ 544-483 он)Мөн чанарын тухай” гэх гурамсан дэвтэртээ сэтгэл санаа бүхнийг үүтгэгч галаас эхтэй. Өөрөө бүтэгч, өрөөлийг цогцлоогч усташгүй, бүтээгдэх шинж чанаргүй гал сэтгэл санааг үүсгэгч мөн гэжээ. Харин Пифагорын дэг сургуулийнхан орчлон ертөнцийг захирагч дээд сэтгэл санааны тухай дурдсан байдаг. Агригентийн гүн ухаантан Эмпедокл хүртэхүй, сэтгэхүй, мэдэрхүйн тухай асуудалд анхаарал хандуулсан байна. Ялдарт нь нүд сэтгэл санааны гол эрхтэн болохыг онцолсон байдаг. Клазомены Анаксагор гараг ертөнц дэх хөдөлгөөний чухам шалтгаан нь сэтгэл санаа болох тухай сургасан. “Гараг ертөнц мөнх учраас бус, гагцхүү сэтгэл санаалаг учраас хөдөлгөөнд оршино” гэж үзсэн. НТӨ V зууны үед амьдарч байсан гэгдэх оточ, гүн ухаантан Алкмеон сэтгэл санааны үйл ажиллагаанд тархи чухал үүрэгтэйг онцолсон анхны эрдэмтэн юм. Амьтныг судлах явцдаа мэдрэлийн тогтолцоо тархитай холбоотой болохыг тогтоосон. Тархи толгой доргих нь сэтгэл санааны өвчин олохыг угтвар болдог талаар дурджээ.
Сэтгэл судлалын мэдлэгийг цаашид хөгжүүлсэн хүмүүс бол Демократ, Лукреций, Эпикур нар юм. Тэд сэтгэл санааг өчүүхэн жижиг атомоос тогтох материйн хэлбэр гэж үзсэн байна. “Сэтгэл санаа биеийн нэгэн адил устаж мөхөх бөгөөд хүн үхсэнээр сарнин алга болдог”. Демократ Пифагорын нэгэн адил сэтгэл санааг оюун ухааны, эр зоригийн, шунал тачаалын гэх гурван хэсэгт хуваажээ. Оюун ухааны сэтгэл санаа тархинд, эр зоригийн сэтгэл санаа чээжинд, харин шунал тачаалын сэтгэл санаа элэгэнд оршдог гэжээ. Сэтгэл санаа үхэшгүй мөнх бөгөөд нэг биеэс нөгөөд шилжих тухай Пифагор сургажээ. Нэгтгэн үзэхэд сэтгэл санаа хаанаас эхлэлтэй, хэрхэн ажилладаг, үндсэн үүрэг юу болох, ертөнц, хүрээлэн буй юм, үзэгдлийг хэрхэн танин мэддэг, зан үйлийг хэрхэн зохицуулдаг зэрэг асуудалд өгүүлэн буй үеийн сэтгэл судлалын мэдлэг төвлөрч байжээ (В. П. Ступницкий, О. И. Щербакова, В. Е. Степанов, 2013, хуудсд. 14, 15).
Эртний Грек-Римд сэтгэл судлалын мэдлэг өрнүүн хөгжих болсон нь тухайн үеийн хайв эрдэмтэн Платон, Аристотель нарын нэртэй салшгүй холбоотой. Зарим судлаачид энэ үеийг сэтгэл судлалын мэдлэгийн “сонгодог үе” гэж нэрлэх тохиолдол ч байна. Үүнээс улбаалан Аристотелийг “сэтгэл судлалын эцэг” хэмээн нэрлэх болжээ (Ю. Н. Казаков, Г. К. Золотарёва , 2000, хуудсд. 8-13).  
НТӨ 427-347 онуудад амьдарч байсан Платон буюу Аристокл нь үзэл санааны уламжлалын хувьд Пифагорын дэг сургуульд хамаарч обьектив идеализмын сургаалыг хөгжүүлсэн. Онцгой – үзэл санааны ертөнц оршин байхыг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл сэтгэл санаа, үзэл санаа хоёр хэрхэн холбогддог вэ? Үзэл санаа анхдагч байхын зэрэгцээ сэтгэл санааны эх үндэс болно. Сэтгэл санаа гэж юуг хэлэх тухайд нарийн тодорхойлолт өгөөгүй боловч гараг ертөнцийн болон хүний гэх хоёр төвшинд ангилсан байдаг. Гараг ертөнцөд оршин буй бодитой бүхнийг дэг журамд оруулж байдаг агуу хүч бол ертөнцийн сэтгэл санаа болно. Үүнээс гадна, хүн бүрт байх сэтгэл санаа гэж байна. Гэхдээ хүний сэтгэл санаа ертөнцийн сэтгэл санаанд татагдаж байдаг. Хүний бие махбодь гэгч ердөө сэтгэл санааны тусгал төдий юм. Сэтгэл санаа бие махбодийн хувьд амьдралын чухал эрчим хүч болдог.
Сэтгэл санаа үхэшгүй мөнх бөгөөд энэ ч утгаараа түүнд анамнезис үзэгдэл илэрч байдаг. Анамнезис гэдэг нь хүн мэндлэхээс өмнөх бурханлаг байдлаа эхээс мэндэлсний дараа сэргээн санах үйл явцыг хэлнэ. Сэтгэл санаа оюун ухааны, эр зоригийн, хүсэл тачаалын гэх гурван зэрэгт хуваагдана. Доод зэргийн сэтгэл санаа болох хүсэл тачаал махан биеийн таашаал, ханамжид чиглэгддэг бол дээд зэргийн сэтгэл санаа болох оюун ухаан бие махбодиос дайжиж, бурханлаг чанарыг эрэлхийлнэ. Үүнээс гадна, метемпсихоз буюу сэтгэл санаа үхэшгүй мөнх, нэг биеэс нөгөө биед шилжих тухай сургасан байна. Гараг ертөнцөд орших бүхний туйлын зорилго нь – нийцэл болно. Төгс нийцлийг хангаж байж юм, үзэгдэл зохистойгоор оршино. Сэтгэл санаанд хүртэхүй, мэдэрхүйн эрхтэн чухал үүрэгтэйг Платон онцолсон. Сэтгэл санааг хөглөгч нь хүсэл буюу эрос болно. Платон эросыг дөрвөн зэрэгт ангилсан. Үүнд:
·         Үхэшгүй мөнхийг хүсэмжилж бие махбодийг шүтэх эрос байна:
·         Бүтээлч, уран сайханч байдлыг хүсэмжилж сэтгэл санааг шүтэх эрос байна:
·         Шинжлэх ухааны нээлт хүсэмжилж мэдлэг шүтэх эрос байна:
·         Сайхан бүхнийг хүсэмжилж үзэл санаа шүтэх эрос байна.
Хамгийн дээд хэлбэр нь үзэл санаа шүтэх эрос болно. Эцэст нь хэлэхэд Платон зүүдний талаар нэлээд сонирхолтой гэж хэлж болохуйц онолыг хөгжүүлсэн байдаг.
Платоны дараагаар сэтгэл судлалын мэдлэгийг хөгжүүлсэн нэртэй эрдэмтэн бол түүний шавь Никомахын хүү Аристотель (НТӨ 384-322 он) болно. Сэтгэл санаа, бие махбодь харилцан шүтэлцээтэй, нэг нэгнээсээ саланги тусгаар байх боломжгүй тухай сургаалыг хөгжүүлсэн байна. Матери, хэлбэр харилцан шүтэн барилдваас юм, үзэгдэл цогцолж, гараг, ертөнц цүглэх тухай номлосон нь дээрх сургаалтай бүрэн нийцнэ. Сэтгэл санаа зохиомол зүйл биш бөгөөд өөрийн зүй тогтолоор үүсч хөгжих жам ёсны үзэгдэл болно. Амьд бүхний үндэс, хөдөлгөгч хүч нь сэтгэл санаа юм. Бурхан дээд сэтгэл санаа болох оюун ухааныг, харин хүн ургамлын болон амьтны сэтгэл санааг агуулдаг тухай Аристотель онцолсон.
Грекийн дараагаар сэтгэл судлалын мэдлэг эртний Римийн мэргэдэд өвлөгдөн очжээ. Гэвч Ромын сэтгэгчид шинэлэг гэхээсээ илүүтэйгээр Грекийн гүн ухаантнуудын дэвшүүлсэн үзэл санааг өргөтгөн хөгжүүлсэн байна. Үүнээс гадна, хүний үйл ажиллагааг үнэлэх, зан байдлын онцлогийг нээн илэрүүлэх, түүнийг хэрхэн зохицуулах тухайд тодорхой шинэлэг санаа гаргасан гэдгийг онцлох байна.
Дундад зууны сэтгэл судлалын мэдлэг
Дундад зууны үед сэтгэл судлалын мэдлэг бий болоход христийн шашны уламжлалаас гадна өмнө өгүүлсэн Платон, Аристотель нарын нөлөө хүчтэй байсныг дурдах хэрэгтэй. Өрнө, Дорнын олон мэргэд шинэ Платонч болон Аристотелийн дэг сургуулийн хүрээнд өөрсдийн сургаалыг хөгжүүлж байв. Тэдний тоонд Немезий, Газа нутгийн Эней, Иоанн Филопон, Клавдий Мамертин, Боэций нарыг хүмүүсийг нэрлэж болох байна.
Эдгээр эрдэмтэд сэтгэл санааг оюун ухааны болон оюун ухааны бус гэсэн хоёр хэсэгт зааглахын зэрэгцээ сэтгэл санааны эрх чөлөө гэдгийг бие махбодийн таашаал авах болон дээд оюун ухаанд хүрэх хоёрын аль нэгийг нь хүлээн зөвшөөрөх сонголт төдийгөөр ойлгож байжээ. Сэтгэл санаа үхэшгүй мөнх бөгөөд нэгээс нөгөөд шилжих замаар орших тухай сургасан байдаг.
Сэтгэл судлалын салбарт үлэмж цэгцтэй, системлэг үзэл санааг хөгжүүлсэн хүн бол “Бурхны хот улсын тухай” нэрт бүтээлийг туурвиж, олон онд дуурсах гэгээн алдрыг үлдээсэн хутагт Августин (354-430 он) болно.
Сэтгэл судлалын мэдлэгийн чухал эх сурвалж нь өөрөө өөрийгөө ажиглахуй юм. Туршлага сэтгэл судлалын үндсэн хэрэглүүр болохыг онцлохын сац хүн өөрөө өөрийгөө ухамсарлахгүйгээр сэтгэл санааны мэдлэг орших бололцоогүй гэдгийг дурдсан. Баярлах, гуних, гутрах, хөөрөх, зовох тэргүүтэн сэтгэл хөдлөл нь субьектив шинж чанартай. Хэрэв хүн зовлонгийн талаар ойлголтгүй бол зовж буйгаа хэрхэн мэдэх билээ. Хэрэв хүн баярлах, багтахын тухайд нэгэн үзүүрт ойлголтгүй бол түүнийг хэрхэн мэдэх билээ. Иймд сэтгэл санаалаг бүхэн субьектив шинж чанартай.
Хүний соёлын өв, уламжлал бий болохын хэрээр сэтгэл санааг танин мэдэх шашин, урлаг, шинжлэх ухаан гэх гурван хүрээ үүсвэрлэсэн талаар Августин онцолжээ. Дундад зууны үед христийн шүтлэгийн нөлөөгөөр сэтгэл санаа бурханлаг, хүнээс ангид шинж чанартай бөгөөд түүнийг танин мэдэх нь бурхан судлалын тулгуур зорилт болохыг чухалчилж эхэлсэн. Сүм хийдүүд шинжлэх ухааны мэдлэгийг хөгжүүлж, бичиг үсэгт суралцах явдлыг гардан хэрэгжүүлэх болсон. Гэвч VII-VIII зууны үед нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн. Сүм хийд соёлын цорын ганц суурь байхаа больж, иргэний боловсрол үүсвэрлэсэн. Тухайлбал, Болоны болон Парижийн их сургуулийг энд дурдаж болох байна.
Дундад зууны үед Тажикийн их сэтгэгч Ибн Сина, Аквино газрын Фома, Рожерс Бэкон, Дунс Скот, Уильям Оккам нарын цолгорсон эрдэмтэд төрөн гарсан.
Сэтгэл санааны тухай ойлголтыг христийн уламжлалын хүрээнд судалсан дундад зууны Европын нэртэй эрдэмтэн бол 1226-1274 онуудад амьдарч байсан гэгдэх Аквино цайзын Фома болно. Юуны түрүүнд, түүний хөгжүүлсэн үзэл санаа “томизм” нэр хүлээх болсон юм. Сэтгэл санаа мөнхөд оршин байгаагүй бөгөөд түүнийг бурхан бүтээсэн юм. Гараг ертөнц гэгч олон үе шаттай бүтээц болно. Хамгийн доод зэрэгт амьгүй байгаль оршино. Түүний дээр ургамал, амьтны аймаг оршино. Сац түүний дээр хүний аймаг оршино. Хамаг бүхний дээр оюун санааны буюу бурхны хүрээ байрлана. Хүний сэтгэл санаа биегүй, материгүй цэвэр хэлбэр бөгөөд материаллаг субстанциас ангид санаалаг зүйл болно. Гэвч өөрийн сэтгэл санааг хүн шууд танин мэдэх бололцоогүй юм. Сэтгэл санаа хайр, итгэл, бишрэл гэх гурван зүйлээс тогтох бөгөөд сэтгэл санаа, оюун ухаан тусгаар орших Ибн Рушдын үзлийг Фома хурцаар шүүмжилсэн байдаг. Сэтгэл санаа мөнх бөгөөд хязгааргүй шинжийг өөртөө агуулах авч итгэл, бишрэл, хайрыг үл ухваас танин мэдэж үл чадна. Фомагийн хувьд хүний сэтгэл санаа оюунлаг төдийгүй ухамсарт чанараараа адгуус амьтнаас ялгаатай болно.
Дээрхээс гадна, дундад зууны үеийн Арабын их эрдэмтэн Ибн аль-Хайсам, Ибн Сина нарын нэрийг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Хүний бие организмын хөгжил, сэтгэл зүйн онцлог нас бүрт харилцан адилгүй байж болохыг Ибн Сина гаргасан. Ингэхдээ хүмүүжлийн үйл явцад онцгой ач холбогдол өгчээ. Хүмүүжлийн ачаар бие организмд сэтгэцийн нөлөө тусч болохыг гаргасан. Өөрөөр хэлбэл, хүний гадаад зан байдалд шууд нөлөөлөл үзүүлэх замаар дотоод сэтгэцийн байдлыг зохицуулах боломжтой талаар дурдсан.
Өөр нэг эрдэмтэн бол 1126-1198 онуудад амьдарч байсан гэгдэх Ибн Рушд болно. Хүний сэтгэл санааны илрэл хүртэхүй, мэдэрхүй болон бие организмын хооронд тасралтгүй холбоос байх тухай сургасан. Хүний биеийн бүтэц, мэдэрхүйн эрхтнийг судлах явцдаа хүрээлэн буй юм, үзэгдлийг хүртэн мэдрэх байдал мэдрэлийн тогтолцооны шинж чанараас хамааралтай болохыг тогтоосон. Хүн үхсэнээр сэтгэл санаа ч биеэ даган үхдэг гэж үзсэн. Гэхдээ бас нэг сонирхолтой санаа гаргасан нь бүх хүнд нийтлэг байх түгээмэл оюун ухаан бие махбодь үхсэний дараа оршин байдаг тухай Рушдын сургаал юм. Хүний авьяас, чадвар хязгааргүй гэдгийг онцлоод гагцхүү зөв сэтгэх, эрэгцүүлэх арга ухаанд сургах хэрэгтэй гэжээ. Ертөнцийн юм, үзэгдэл, тэдгээрийн түгээмэл зүй тогтолыг танин мэдэх чадвар хүнд төрөлхийн шинж чанартай байдаг гэдгийг дурдсан. Ийнхүү Ибн Рушд үхэшгүй мөнхийн оюун ухааныг үхдэг, устдаг сэтгэл санаанаас зааглан авч үзсэн байна. Түүний уг санаа хожмоо олон олон шүүмжийн угтал болсон юм.
Шинэ үеийн сэтгэл судлал
Европын түүхэнд сэргэн мандалтын үе томоохон байр суурь эзэлдэг. Энэ бол зүгээр нэг үе бишээ. Энэ бол шинжлэх ухаан, урлаг, утга зохиол, техник технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үе байсан юм. Сэтгэл судлалын мэдлэг ч өрнүүн хөгжих болсон. Энэ үеийн нэртэй төлөөлөгчийн нэг нь 1452-1519 онуудад амьдарч байсан гэгдэх Леонардо да Винчи болно.
Тэрээр онолын гэхээсээ илүүтэйгээр практик сэтгэл судлалын мэдлэг үлдээсэн юм. Сэтгэл зүйн дөрвөн үндсэн онцлог байж болох тухай дурдаад уран зурагт эдгээр дөрвөн онцлогийг хүн нэг бүрээр нарийн тодотгон гаргах нь жинхэнэ зураач хүний авьяас билиг болох тухай сургажээ. Гадаад ертөнц сэтгэл санааны тусгал юм. Винчигийн дараагаар Ф. Бэкон, Р. Декарт, Б. Спиноза, Г. В. Лейбниц, Ж. Локк, Т. Хоббс нар сэтгэл санааны мэдлэгт үлэмжхэн хувь нэмэр оруулсан юм.
Фрэнсис Бэкон (1561-1626 он) сэтгэл санааны тухай шинжлэх ухаан байхыг үгүйсгэж, ухамсарын тухай шинжлэх ухаан байхыг хүлээн зөвшөөрсөн. Ухамсарын үзэгдлийг эмпирик аргаар судлахыг чухалчилсан. Индукцийн онолыг хөгжүүлж, туршлага, ажиглалт, мэдлэг хүртэх, олж авах цорын ганц арга болохыг онцолсон. Туршлагыг зохистойгоор судлах хүний хүний үйл ажиллагааны тухай дурдсан гүн ухаантан бол Ф. Бэкон юм. Оюун ухаан, төсөөлөл, ой тогтоолт, хүсэл зориг чухал болохыг тэмдэглэсэн.
Бэконы дараагаар сэтгэл санааны асуудлыг хөндсөн эрдэмтэн бол Английн гүн ухаантан Томас Хоббс (1588-1679 он) болно. Олон тооны бүтээл туурвиснаас 1651 онд бичсэн “Левиафан” зохиол ихээхэн нэрд гарсан бөгөөд Хоббсыг механик материалист онолын төлөөлөгч гэх болсон. Хүний бие махбодийн нэгэн адил сэтгэл санаа ч материас эхтэй болохыг онцолсон. Сэтгэл санаа гэдэг нь мэдэрхүйн эрхтэнд гадаад орчны нөлөөгөөр үүсч буй хөдөлгөөнөөс өөр юу ч биш юм. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаа механик шинж чанартай. Хүртэн мэдрэх гэдэг нь сэтгэл санааны амьдралын цорын ганц үйлдэл юм. Сэтгэл зүйн бүх үйл явц амьдралыг хэвээр хадгалах, өвчин зовлонгоос дайжих, таашаал эдлэх гэсэн бие махбодийн зөн билгээр зохицуулагдаж байдаг.
Сэтгэл судлалд үлэмжхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн бол Францын сэтгэгч Рене Декарт (1596-1650 он) юм. Декарт өөрийн үйлдэлд өөрөө ажиглалт хийх замаар ухамсарлагдсан сэтгэл санааны үйл ажиллагааг судлах боломжтой гэсэн санал дэвшүүлсэн. Үүнтэй холбоотойгоор бие махбодь, сэтгэл санаа ямар харилцаанд орших психофизикийн асуудлыг хөндсөн байна. Амьтанд сэтгэл санаа, тэр дундаа ухамсар ч байхгүй. Тэд зөвхөн бие махбодийн хүрээнд физиологийн үйл ажиллагаанд хамрагдана. Нэг үгээр хэлбэл, амьтан гэгч материаллаг зүй тогтолд захирагдах машин юм. Сэтгэл санааны мөн чанар сэтгэхүйд оршино. Сэтгэхүй нь хүртэхүй, төсөөлөл, эр зоригоор дамжин хэрэгжинэ. Сэтгэл санаа бол сэтгэхүйн үйл ажиллагаа болно. Өөрөөр хэлбэл, Декарт сэтгэл санааны мөн чанарыг ухамсарын хүрээгээр ойлгож байсан.
Декарт хүнд ухамсар байхыг хүлээн зөвшөөрч бусад амьтныг энгийн машинтай зүйрлэсэн байна. Тэрээр сэтгэл судлал матери, оюун санаа гэх хоёр зүйлээс эхтэйг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Францын эрдэмтэн Этьен Бонно де Кондильяк (1715-1780 он) зөн совинг төдийгүй сэтгэцийн дотоод мөн чанарыг тайлбарлах оролдлого хийсэн. Танин мэдэхүйн үйл явцад зөн совин чухал болохыг онцолсон. Зөн совин бол эрэгцүүлэл үгүй үед дадал, оюун ухаан болж хувирах анхдагч ухаан юм. Хэдийгээр энэ үзэл санаа үнэнээс алд дэлэм зөрөөтэй ч сэтгэл судлалын мэдлэгт оруулсан хувь нэмэр нь асар их юм.
Францын гүн ухаантан Жан Батист Ламарк (1744-1822 он) сэтгэцийн үйл ажиллагаа мэдрэлийн тогтолцооноос хамааралтай гэдгийг онцолж, түүнийг ангилах оролдлого хийсэн. Хүн, амьтан сэтгэхүйн хувьд харилцан адилгүй. Юм, үзэгдэлд ухамсартай, оюунлаг хандаж чаддаг учраас хүн бусад амьтнаас ялгаатай болохыг Ламарк дурдсан.
Эмпирик сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хүн бол Английн гүн ухаантан Жон Локк (1632-1704 он) болно. Төрмөл үзэл санаа гэж байдаггүй, туршлага, рефлекс нь сэтгэл санааны гол эх үүсвэр, хүний хөгжилд хэл яриа чухал нөлөөтэй гэсэн гурван баримт түшиглэн Локк сэтгэл санааны тухай сонирхолтой онолыг хөгжүүлсэн байна.
Бидний ухамсарын үндэс нь үзэл санаа юм. Үзэл санааг бид туршлагаар олж авна. Өөрөөр хэлбэл, төрөхдөө бэлэн хэлбэрээр бус, амьдралын явцад олж авна. Хүүхэд бүр эхээс мэндлэхдээ tabula rasa буюу хоосон цэг байдаг.
Сэтгэл судлалын мэдлэг бие даасан шинжлэх ухааны төвшинд хүрч хөгжсөн нь Германы эрдэмтэн Вилхэлм Вундт (1832-1920 он)-ийн нэртэй салшгүй холбоотой. Тэрээр 1879 онд Лейпцигийн их сургуульд анхны сэтгэл зүйн лаборатори нээсэн нь уг шинжлэх ухаан хөгжих эхлэл болжээ (В. П. Ступницкий, О. И. Щербакова, В. Е. Степанов, 2013, хууд. 33). Тэрээр ухамсарыг судлах бүтцийн хандлагыг хөгжүүлсэн. Энэ хандлагын төлөөлөгчид ухамсарлагдаж буй дотоод туршлагын энгийн бүтцийг тодорхойлохыг чухалчилдаг. Вундт болон түүний судалгааны баг ухамсарын үндсэн материал нь хүртэхүй, мэдэрхүй болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ойролцоогоор энэ үе буюу 1881 онд АНУ-д Уильям Жеймс ухамсарыг өөр талаас судлах оролдлого хийсэн байна. Тэрээр ухамсарын чиг үүргийн хандлагыг хөгжүүлсэн юм.
XIX зууны хоёрдугаар хагаст сэтгэл судлалын ухааныг хөгжүүлэхэд Ж. С. Милл, Х. Спенсер, А. Бэн, И. Ф. Хэрбарт, В. Вундт нарын олон эрдэмтэд багагүй хувь нэмэр оруулсан байдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны аргыг өргөтгөх чиглэлээр дээрх эрдэмтдийн судалгаа хийгдсэн байна. Энэ бүгдээс гадна, Английн ургамал судлаач Чарльз Дарвин, Германы эрдэмтэн Герман Эббингауз нарын судалгаа онцгой үүрэгтэй байсныг дурдах байна.
Сэтгэл судлал шинжлэх ухааны төвшинд хөгжиж, олон салбар ухаанд хуваагдах болсон үе
Сэтгэл судлалын мэдлэг шинжлэх ухааны төвшинд дэвшин хөгжиж, олон салбар ухаанаар баяжигдах болсон нь XIX зууны сүүл, XX зууны эхэн үетэй холбогдоно. Сэтгэл судлалын ухааны судлах зүйлийг ч нарийвчлан тогтоосон байна.
Эндээс дүгнэн үзвэл сэтгэл судлал гэдэг нь хүн, амьтны сэтгэц, сэтгэцийн үйл ажиллагаанд илрэн гарах түгээмэл, харилцаа, зүй тогтолыг судлах шинжлэх ухаан болно.
Үүнээс гадна, холбоолсон сэтгэл судлал, бихевиоризм, сэтгэцийн задлан шинжилгээний онол, гештальт сэтгэл судлал, хүмүүнлэгийн сэтгэл судлал, танин мэдэхүйн сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал, нас зүйн сэтгэл судлал, инженерийн сэтгэл судлал, анагаахын сэтгэл судлал, ялгаварт сэтгэл судлал, хуулийн сэтгэл судлал, цэргийн сэтгэл судлал, зар сурталчилгааны сэтгэл судлал зэрэг олон төрлөөр салбарлан хөгжих болсон.

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Boring, E. G. (1929). A History of Experimental Psychology. New York .
А. Реан, Н. Бордовская, С. Розум. (2003). Психология и педагогика: Учебное пособие. Под ред: А. А. Реана, Санкт-Петербург: Питер .
В. П. Ступницкий, О. И. Щербакова, В. Е. Степанов. (2013). Психология: Учебник. Москва : Издательско-торговая корпорация «Дашков и К°».
Гурван-эрдэнэ багшийн дээд сургууль, Боловсролын судалгаа, аргазүйн тэнхим. (2016). Сэтгэл судлалын үндэс: Сурах бичиг . Редактор: Доктор (Ph.D) Г. Буянтогтох, Улаанбаатар хот : "Арвайбархан" ХХК.
МУБИС-ийн Сэтгэл Судлалын тэнхим. (2012). Сэтгэл судлал: Сурах бичиг . Улаанбаатар хот.
Мягмар, О. (2010). Сэтгэл судлал: I, II дэвтэр . Улаанбаатар хот.
Ю. Н. Казаков, Г. К. Золотарёва . (2000). Общая психология: Конспект лекций. Владивосток: Изд-во ВГУЭС.



Comments

Popular posts from this blog

ЛЕКЦ-2. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН УХААНЫ СУДЛАХ ЗҮЙЛ, ЗАРЧИМ, ҮҮРЭГ

·          Сэтгэл судлалын тухай ойлголт ·          Сэтгэл судлалын ухааны судлах зүйл ·          Сэтгэл судлалын ухааны зарчим ·          Сэтгэл судлалын ухааны үүрэг Сэтгэл судлал нь psyche буюу сэтгэл санаа, logos буюу сургаал, номлол гэх Грек үгийн хамсаа бөгөөд бие даасан шинжлэх ухааны төвшинд хүрч хөгжсөн нь Германы эрдэмтэн Вилхэлм Вундт (1832-1920 он ) -ийн нэртэй салшгүй холбоотой тухай өмнөх лекцид дурдсан билээ. Тэгвэл сэтгэл судлал гэж юуг хэлэх вэ? Хэдийгээр судлаачид харилцан адилгүй тодорхойлолт өгдөг ч нийтлэг шинж дээр нь тулгуурлан дараах байдлаар үзэж болох байна. Сэтгэл судлал гэдэг нь хүн, амьтны сэтгэц, сэтгэцийн үйл ажиллагааны үүсэл, хөгжил, ерөнхий зүй тогтолыг судлах ухаан болно . Сэтгэл судлал нь бүтцийн хувьд ерөнхий сэтгэл судлал, хавсарга сэтгэл судлал, үйлдлэгт сэтгэл судлал гэх гурв...